2007年2月18日日曜日

System on Chip

А.Алтанбилэг (Тоокёогийн Их Сургууль)

Миний судалгааны үндсэн чиглэл бол VLSI (Very Large Scale Integration) Design, VLSI CAD (Computer Aided Design) бөгөөд энэ чиглэлд сүүлийн үед нэвтэрч эхэлж байгаа технологи болох SoC (System on Chip)-ийн талаар танилцуулъя.

Өнгөрсөн хэдэн арван жилд LSI-д (Large Scale Integration үгийн товчлол. Чип гэж нэрлэх явдал бий.) байрлуулах боломжтой хагас дамжуулагч транзисторийн тоо Мoore-ийн хуулийн дагуу жилд 58 %-иар өсөж байна. Үүний үр дүнд computer, гар утас, DVD тоглуулагч, Digital camera-г бид өдөр тутамдаа хэрэглэх боломжтой болсон. Гэвч Pentium гэх мэтийн микропроцессорт агуулагдах транзисторийн тоог тоолох юм бол жилд 21%-иар л өсч байгааг ажиглаж болно. Чипний үлдсэн зайг санах ой хэлбэрээр ихэнхдээ ашиглаж байна. Энэ нь LSI Designer- ийн design хийх чадвар жилд 21%-иар л өсч байгаагаас шалтгаална.

Энэ асуудлыг шийдэх арга замын нэг нь систем түвшинд LSI Design хийх явдал юм. Юуны түрүүнд систем түвшний LSI Design гэж юу вэ гэдэг талаар танилцуулъя. Нэг LSI-д агуулах боломжтой транзисторийн тоо 100 саяыг хэдийн давж тэрбум руу дөхөж байна.

Үүний үр дүнд өмнө нь нэг боард-нд суулган холбож байсан CPU, memory болон бусад device-уудийг нэг LSI-д багтааж чадахаар болсон билээ. Системийг бүхэлд нь нэг чип-д багтаасан System on chip гэсэн хэллэг мөн энэ үеэс эхэлсэн. System on chip-ийг design хийхэд түүнийг бүрэлдүүлэх hardware болон түүний дээр ажиллах software-г ч гэсэн бодолцох хэрэгтэй. Энэхүү HW/SW-г цугт нь design хийх аргыг HW/SW co-design гэдэг. Систем түвшний design гэдэг нь HW/SW co-design аргаар design хийхийг хэлдэг.

Систем түвшний design хийхэд тухайн design-ийг илэрхийлэх систем түвшний хэл хэрэгтэй. SpecC, SystemC зэрэг хэлнүүд систем түвшний дизайн хийхэд хэрэглэгдэж байна. Эдгээр хэлнүүдтэй танилцахын өмнө hardware design-ий түүхийг сөхөж үзье.

IC design хийж эхэлсэн 60-70 онд транзисторийн байрлал холболтыг шууд зурах замаар design хийж байсан. 70-80 онд AND, OR гэх мэтийн логик gate-үүдийг байрлуулах замаар design хийх түвшинд хүрч, удалгүй логик тэгшитгэлүүдийг бичих замаар design хийх болсон. Энэ үед одоо олны танил болсон Cadence, Synopsis, Mentor компаниуд CAD програмуудаа гаргаж эхэлсэн. 80-90 онд HDL (Hardware Description Language) болох Verilog, VHDL гэх мэтийн программчлалын хэлтэй төстэй хэлнүүд дээр design хийгдэж эхэлсэн. 90-ээд оны сүүлээс hardware design-ий хэлбэр илүү абстракт түвшинд гарч C-маягийн хэлнүүд дээр design хийгддэг болоод байна.

Hardware design-ий түүхийг харвал software-ийн хөгжилтэй төстэй болохыг ажиглана. Програмистууд анх машины хэл дээр программ бичиж эхэлсэн ба тэр нь хөгжсөөр ассемблер хэл эцэст нь илүү өндөр түвшний хэлнүүд C гэх мэт дээр бичдэг болсон. Систем түвшний хэл нь HW/SW-ийг илэрхийлж чадах учир дараагийн түвшний хэл гэж ойлгож болно. Систем түвшний хэлнүүд нь судалгааны төвүүд, их сургуулиуд дээр голчлон судлагдаж байгаа бөгөөд ойрын 10 жилд үйлдвэрлэлд нэвтрэх төлөвтэй байна.

Эцэст нь SpecC хэлний тухай бага зэрэг танилцуулъя. SpecC хэл нь ANSI-C хэлийг өргөтгөж behavior, channel, interface зэрэг бүтцийг нэмж бүтээсэн хэл юм. Түүнээс гадна систем түвшний хэлд зайлшгүй шаардлагатай шаталсан бүтэц, параллель ажиллагаа, мэдээлэл солилцоо, синхрончлол, төлөвийн шилжилт, хугацааны ойлголтыг нэмж өгсөн. SpecC хэл нь анх University of California, Irvine дээр бүтээгдсэн бөгөөд одоогоор дэлхийн олон оронд судлагдаж байна. University of California, Irvine болон SpecC Technology Consortsium зэргээс энэ хэлний тухай өргөн мэдлэгийг олох боломжтой.

SpecC хэлний үндсэн бүтэц:

interface L { void Write(int x); };

interface R { int Read (void); };

channel C implements L,R

{

int Data; bool Valid;

void Write(int x)

{ Data=x; Valid=true; }

int Read(void)

{ while(! Valid) waitfor(10);return(Data); }

};

behavior B1(in int p1, L p2, in int p3)

{ void main(void)

{ /* ... */ p2.Write(p1); }

};

behavior B2(out int p1, R p2, out int p3)

{ void main(void)

{ /*...*/ p3=p2.Read(); }

};

behavior B(in int p1, out int p2)

{ int c1; C c2;

B1 b1(p1, c2, c1);

B2 b2(c1, c2, p2);

void main(void)

{ par { b1.main(); b2.main(); } }

};

2006年12月1日金曜日

Маркетинг

Блогийнхоо салхийг хагалаад ЭМОС клубын "Мэргэжлээ зөв сонгоход тань" (2005 он) номд багтсан өөрийн нийтлэлийг орууллаа. Удахгүй бусад оюутнуудын маань нийтлэлүүд нэмэгдэж эхлэх болно.

МАРКЕТИНГ

Х.Зоригт (Хитоцүбаши Их Сургууль)

Монголд бизнесийн удирдлагыг эдийн засгийн ухааны нэг салбар ухаан гэж ойлгодог нь одоо ч түгээмэл хэвээр. Үнэндээ эдийн засгийн ухаанд эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр нь тогтвортой байдлын үндэс гэж номлодог бол, бизнесийн удирдлагын ухаанд шинээр эрэлт бий болгож, эдийн засгийг урагшлуулан хөгжүүлэх нь хамгийн гол зорилго байдаг. Иймээс энэ 2 шинжлэх ухааныг салгаж ойлгох нь зүйтэй юм. Сүүлийн үед MBA буюу бизнесийн удирдлагын магистрын зэрэг авахыг толгойтой бүхэн л хүсэх болжээ. Ийм зэрэгтэй болсон хүн бүр сайн менежер болчих уу, ажилд гараад компанийн үйл ажиллагааг огцом сайжруулчих уу гэдгийг хэлэхэд хэцүү. Сургууль төгсөөгүй хүн ч бизнест амжилт олсон түүх олон шүү дээ. Гэхдээ маркетинг болон бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшсэнээр тухайн салбарт амжилт гаргах магадлал өсөх нь ойлгомжтой.

Маркетинг компанийг өөрчилнө

Японы пивоны зах зээлд Кирин, Асахи, Саппоро, Сантори гэсэн 4 компани голлох байр суурь эзэлдэг. Мэдээж өөрсдийн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд хоорондоо ширүүн өрсөлддөг. 1980-аад оны дундуур Асахи компанийн зах зээлд эзлэх хувь 10 хувиас бага болж, байдал тун хүнд байсан үед Супер Драй хэмээх шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, хоромхон зуурын дотор борлуулалтын хэмжээгээрээ Саппоро, Сантори хоёрыг давж чадсан юм. Асахиг дахин төрүүлсэн нь чухамхүү сайн маркетинг байлаа.

1889 онд бий болсон энэ компани байгуулагдсаныхаа 100 жилийн ойн өмнө “New Century Project” (Шинэ зууны төсөл) боловсруулж, түүндээ маркетингийн зөвлөгөө өгөх компаниас өгсөн дараах зөвлөгөөнүүдийг тусгасан байна.

1. Шинэ имиж бүрдүүлэх

2. Хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн бий болгох

3. Зах зээлтэйгээ харьцах харилцаа, мэдээллийн холбоогоо өргөжүүлэх

4. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх

Эдгээрийг биелүүлэхэд маркетингийн шинэ бодлого зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд үүний дагуу ажилласнаар Асахи нь дээр дурьдсан амжилтад хүрсэн юм.

Маркетинг гэж юу вэ?

Маркетингийн тухай олон номоороо алдаршсан Филип Котлерын тодорхойлсноор “Маркетинг гэдэг нь бүтээгдэхүүн болон үнэ цэнийг бий болгон бусадтай солилцох замаар өөрт хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлээ гартаа оруулах нийгмийн болон эдийн засгийн харилцаан дахь үйл явц” юм. Ер нь маркетингийг макро эдийн засаг гэх мэт бусад салбарт “Хэрэглэгч нийлүүлэгчийн хоорондох солилцоо”, “Үйлчлүүлэгч бий болгон, түүнийгээ хадгалах” гэх зэрэг олон янзаар тодорхойлсон байдаг. Жирийн хүмүүсээс энэ тухай асуувал “Бүтээгдэхүүн, үйлчилгээгэээ сайжруулж, түүнээс олох ашгаа нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийг татах янз бүрийн арга замыг судалж, дүн шинжилгээ хийх”, эсвэл бүр энгийнээр “реклам, сурталчилгаа” гэж хэлэх хүн ч тааралдаж магадгүй. Тэгвэл эдгээр нь маркетингийн зөвхөн нэг хэсэг буюу хэрэглэгч бидэнд харагдах өнгөн тал л юм. Үнэ, зар сурталчилгаа, зах зээл, стратеги, зах зээл судлал гээд төрөл бүрийн зүйлс маркетингад агуулагддаг юм. Маркетингийн үндсэн асуудлуудыг дараах үгсээр илэрхийлж болно:

l Өрсөлдөөний (уламжлалт маркетингийн) 4Р: ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг (Product), ямар үнээр (Price), хаана борлуулах (Place), ямар хэлбэрийн сурталчилгаа хийх вэ (Promotion)

[Өмнө нь компанийн зүгээс зохицуулж үл болно хэмээн үздэг байсан улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн хүчин зүйлүүдэд маркетингаар дамжуулан нөлөөлж болно хэмээх үзлийг Ф.Котлер бий болгон энэхүү 4 дээр нэмж 2 Р-г тодорхойлсон. Эдгээр нь улс төрийн хүч (Political power), олон нийтийн үзэл бодол (Public opinion formation) юм]

l 3С: үйлчлүүлэгч нь хэн бэ (Customer), өрсөлдөгч нь хэн бэ (Competitors), бүтээгдхүүн, үйлчилгээг түгээх сувагаа яах вэ (Channels )

l Компаниа хүчтэй сул эсэхийг шинжих 6О: зах зээлд эзлэх хувь ямар байна (Occupants), компанийн өмнөө тавьсан зорилтууд юу вэ (Objectives), байгууллагын бүтэц зохион байгуулалт хэр оновчтой вэ (Organization), ямар арга замаар үйл ажиллагаагаа явуулдаг вэ (Operations), боломж хэр хангалттай вэ (Occasions), худалдах арга замаа яах вэ (Outlets)

l Стратегийн 4Р: яаж судалгаагаа хийх вэ (Probing), ямар хэсгүүдэд хуваах вэ (Partitioning), чухал эсэхээр нь жагсаах (Prioritizing), ялгаварлал (差別化)-аа яах вэ (Positioning)

l Реклам сурталчилгааны 5М: зорилт (Mission), хөрөнгө оруулалтын асуудал (Money), мэссеж (Message), мэдээллийн ямар хэрэгсэл ашиглах (Media), үр дүнг яаж хэмжих (Measurement)

Маркетингийн үндсэн зорилго нь бүтээгдэхүүнийг худалдах биш, хэрэглэгчийг сэтгэл хангалуун болгох явдал юм

“Маркетинг гэдэг нь үйлдвэрлэсэн бараагаа хэрэглэгчдэд сурталчилж зарах үйл ажиллагаа” хэмээн ташаа ойлгодог хүн цөөнгүй. Худалдааны зорилго нь аль хэдийн үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг реклам сурталчилгаа ашиглан борлуулж борлуулалтын орлогоос ашиг олох явдал байдаг бол маркетингийн зорилго нь зах зээлээ судлан хэрэглэгчдийн хүслийг мэдэрч, маркетингийн бодлогоо түүнд тохируулан хэрэглэгчдийн сэтгэл хангалуун байдлаас ашиг олох явдал гэж хэлэхэд болно. Дээр Асахи компани нь хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсан амт чанар бүхий шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаснаар амжилтанд хүрснийг дурьдсан билээ.

Маркетингийн менежер хүн юу хийдэг вэ

Өмнөх хэсгүүдээс маркетингийн тухай бага ч гэсэн төсөөлөлтэй болсон бол одоо маркетингийн менежер хүн юу хийдгийг сонирхоё. Тэд ерөнхийдөө компанийн үйл ажиллагааны тасралтгүй эргэлтийг бий болгодог гэж товчоор тодорхойлж болно. Ойлгомжтой болгохын тулд дэлгэрэнгүй тайлбарлая.

1. Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох

Зах зээлийн шинж чанар, өсөлт, хэмжээ, хэрэглэгчдийн нас хүйс, сонирхол гэх мэт нарийн мэдээллийг судалж, өрсөлдөгч компаниудын үйл ажиллагаанд үнэлэлт өгч, стратегийг нь судлах. Үүний дараа “Дайснаа таньсны дараа зэвсгээ тань” гэдэгчлэн өөрийн компанийн боломжийг судлах.

2. Уг зах зээлд ямар бүтээгдэхүүн гаргаж чадахыг тодорхойлох

Хэрэглэгчид зах зээлд буй барааны ямар шинж чанарыг таашаан хэрэглэж байгаа, ямар шинж чанарт нь сэтгэл дундуур байдгийг судлан, түүнд нь аль болох ойрхон шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг бий болгох. Үүний тулд маркетингийн менежер нь хэрэглэгчийн байр суурьнаас хандаж, дүгнэлт гаргах чадвартай байх ёстой.

3. Өөрийн компанийн бүтээгдэхүүнд зах зээл бий болгох, сурталчилгаа хийх

Бий болгосон бүтээгдэхүүнийхээ давуу тал гэх мэтийг хэрэглэгчдэд мэдрүүлж, сурталчлахгүй бол хичнээн чанартай бүтээгдэхүүн байгаад борлогдохгүй гэдгийг санаж явах хэрэгтэй. Иймээс л том компаниуд зурагт радиогоор урсах зар сурталчилгаанд их мөнгө зарцуулдаг юм.

4. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх арга замыг тодорхойлох

Гэхдээ бүтээгдэхүүнийг нь хүмүүс мэддэг болсон хэдий ч бага хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг, эсвэл худалдан авахыг хүссэн хэрэглэгчдээ олж түгээж чадахгүй бол мөн л амжилтанд хүрэхгүй. Олонх компанид борлуулалтын хэсэг нь маркетингийн хэсэгтэй тусдаа байдаг ч орчин үеийн компаниуд эдгээрийг хамтад нь хөтлөн явуулах болсон байна.

5. Уг бүтээгдэхүүний “насыг уртасгах” буюу эрэлтийг хангалттай түвшинд аль болох удаан барьж тогтоох

Нэгэнт хүч хөдөлмөр гаргаж бий болгосон бүтээгдэхүүнийг аль болох удаан хугацаанд ашгаа өгөөсэй гэж компани хүсэх нь мэдээж. Тиймээс хэрэглэгчдээс бүтээгдэхүүний тухай санал бодлыг нь сонсч, бүтээгдэхүүнээ сайжруулах, шинэчлэх, дизайныг нь өөрчлөх гэх мэт аргаар хэрэглэгчдийг тогтоон барих хэрэгтэй.

6. Компанийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа талаар мэдээлэх

Хэрэглэгчдэд хамгийн ойрхон байдаг маркетингийн хэсэг л хэрэглэгчдийн талаар үнэн зөв мэдээлэл өгч чадах учраас хэдий сайн маркетингийн үйл ажиллагаа явуулсан байлаа ч компанийн бусад хэсэгт мэдээлэхгүй бол компанийн үйл ажиллагааны эргэлт зогсоход хүрнэ.

Сүүлийн үед олон улсын худалдаа харилцаа өргөжиж тив дамжсан компаниуд өсөн нэмэгдэж маркетингийн мэргэжилтний үнэ цэнэ ихэсч байгаа билээ. Чухам энэ нөхцөл байдалд амжилт олохын тулд маркетингийн мэргэжилтэн хүн хэд хэдэн гадаад хэлийг төгс эзэмшсэн байх, нийгмийн шинэ хандлагуудыг соргогоор мэдрэх холч хараа, нийтэч зан чанар, өргөн мэдлэгтэй байх гэх зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэдгийг ирээдүйн маркетингийн менежер чамд сануулъя. Маркетингийн мэдлэгийг сургуулийн ширээний ард бүрэн дүүрэн эзэмшинэ гэж үгүй. Иймээс сайн маркетингийн менежер болохын тулд их дээд сургуульд маркетингийн онолыг судлахаас гадна бие даан суралцаж, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд миний өгч чадах зөвлөгөө бол Newsweek, Times гэх зэрэг олон улсын сэтгүүлүүдийн бизнес буланд нийтлэгдсэн мэдээг уншиж, өөрийн эргэн тойронд өрнөж буй эдийн засгийн үйл ажиллагааг ажиглан өөрийн гэсэн мэдээллийн бааз бий болгох хэрэгтэй юм. Ингээд ирээдүйн бизнест чинь амжилт хүсээд энэхүү зөвлөмжөө өндөрлөе.

2005 оны 8-р сар

Монголын блог маш олон болох болтугай

Сайн байцгаана уу.

Өнөөдрөөс эхлэн Японд суралцагч оюутнууд бид энэхүү блогоороо дамжуулан та бүхэнтэй сурсан мэдсэнээ хуваалцах болно. Хэрвээ та Японд суралцдаг бол бидэнтэй хамтран энэхүү блогийг хөгжүүлж явбал гүнээ талархах болно.

Хүндэтгэсэн,
Х.Зоригт
Хитоцүбаши Их Сургууль